Гадаад иргэдийн БНХАУ-д түр оршин суух хугацааг 2 сараар сунгасан тухай

2020 оны 03 сарын 12

БНХАУ-д Шинэ коронавирусын халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх, хяналтын үйл ажиллагааны хугацаанд тус улсад түр оршин суугаа гадаадын иргэдийн Хятадад байх хугацааг 2 сараар сунгахаар шийдвэрлэснийг БНХАУ-ын Шилжилт, хөдөлгөөнийг зохицуулах газрын дарга Лю Хайтао 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Төрийн зөвлөлийн ажлын хэсгийн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.



Энэхүү шийдвэр нь БНХАУ-д зорчих визтэй болон 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш түр оршин суух хугацаа нь хэтэрсэн гадаад улсын иргэдэд хамаарна.



Гадаадын иргэдийн БНХАУ-д зорчих виз болон оршин суух хугацааг байгууллагын системд шууд сунгалт хийж байгаа тул иргэд биечлэн хүсэлт гаргах шаардлагагүй, энэ хугацаанд хууль ёсны дагуу зорчсон, оршин суусанд тооцож, хилээр нэвтрүүлэх арга хэмжээ авна.



Жишээлбэл: БНХАУ-д зорчих 30 хоногийн хугацаа нь 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болсон Монгол Улсын иргэн 2020 оны 03 дугаар 25-ны өдөр хүртэл БНХАУ-д зорчоод хилээр гарахад зорчих хугацаа хэтэрсэнд тооцохгүй, ямар нэгэн торгууль ногдуулахгүй. Мөн БНХАУ-д 30 хоногийн хугацаатай зорчихоор ирээд (2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойшхи хугацаанд) зорчих хөдөлгөөний хязгаарлалтад орсон Монгол Улсын иргэд өөрийн оршин суугаа газрын Шилжилт хөдөлгөөний газарт хандаж, дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.