Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгав

2020 оны 04 сарын 29

Улсын Онцгой комиссын 20 дугаар хуралдаан өнөөдөр болж, өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах асуудлыг хэлэлцэж, 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгах шийдвэр гаргав.



УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах асуудлыг энэ өдрийн хуралдааны тэргүүнд ярилцлаа. Хойд хөрш ОХУ-д өвчний нөхцөл байдал улам хүндэрч, 24 цагийн дотор шинэ тохиолдлын тоо нь 2,896-аар нэмэгдэж байна. АНУ-д шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол 1 сая 10 мянга бүртгэгдээд байна. Манай улсын хувьд халдварын тоо нэмэгдэж 38 болсон. Сүүлийн үед халдвар авсан хүмүүсийн дотор эхний хоёр удаагийн шинжилгээгээр сөрөг гарсан ч гурав дахь удаагийн шинжилгээгээр эерэг хариу гарч байна. 14 хоногийн дараа ч илэрч байгаа нь вирус хэр хөнөөлтэйг харуулж байгааг” онцлов.



Мөн эрсдлийн үнэлгээгээр Монгол Улсад вирус тарах “маш өндөр” магадлалтай байгаа учраас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгав. Үүнтэй уялдуулан олон улсын нислэгийг түр зогсоосон хугацааг сунгаж, гадаад улсаас иргэдээ татах ажлыг шат дараатайгаар зохион байгуулна. Ойрын хугацаанд гурван нислэг хийнэ. Үүнээс БНСУ руу хоёр нислэг хийх бөгөөд нэг нислэг нь зөвхөн бусад улсаар дамжин ирэх иргэдийг авах юм. Хэдийгээр тусгай үүргийн нислэгт суух иргэдийг шинжилгээнд хамрагдсан байх шаардлагыг тавьж байгаа хэдий ч бусад орноос дамжин ирж байгаа иргэд шинжилгээ хийлгэж чадаагүй байна. Гадаадаас ирэх хүсэлтэй маш олон иргэн байна. Одоогоор 9,890 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан. Хүсэлт улам нэмэгдсээр байгаа тул эхний ээлжид хүндэтгэх шалтгаантай иргэдээ авч байна.



Мэргэжлийн болон богино хугацааны танхимын сургалтын газруудыг нээх асуудлыг үе шаттайгаар хийх бөгөөд энэ долоо хоногт Улсын Онцгой комиссын хурлаар хэлэлцэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах тухай мэдэгдэв